Монгол эмч нар биднийг аварч байна уу алж байна уу

12:15 PM


Өчигдөр гэр рүүгээ харьж явтал Монгол Сонгдо эмнэлэг гэнэ үү мань мэтийн урьд зүгийн тэр тусмаа Солонгос зүгийн соёлоос хол тасархай хүнд этгээд сонин санагдах нэртэй эмнэлэгийн гэрлэн чимэг их л сүртэйгээр гялалзаж өөрийн эрхгүй нүдэнд тусч байх юм. Өглөө ажилдаа ирээд “Оллоо” руу ортол ийм нэртэй солонгос эмнэлэг байгуулагдсан гэсэн гарчиг дор Ерөнхийлөгч Энхбаярын гол дүрд нь тоглосон янз бүрийн гэрэл зургууд байхаас өөр ширхэг ч мэдээлэл олсонгүй. Ядаж зургуудаа хуучны номнууд дээрх шиг “агуу их удирдагч тэр тэгж байгаа нь” гээд ч болсон жаахан уянгын халилтай ч хүмүүст мэдээлэл өгөх зорилгоор тайлбар хийчихэж болоогүй л юм байх даа. Тэгтэл бас үүнтэй зэрэгцэн “Оллоо” дээр улсын клиникийн Ш эмнэлгийн оношлогооны төвийн дарга Лхагварагчаа гэдэг хүнтэй хийсэн ярилцлага бололтой “Монгол хүний төлөө харийн хүн үнэн сэтгэлээсээ зүтгэнэ гэж бодохгүй байна “гэсэн сүржин нэртэй ярилцлага тавигдсан байна. Тэр ярилцлагыг уншиж суутал монгол хүний төлөө зүтгэхгүй харийн хүн нь угтаа гадаадын эмч нар бололтой. Уг нь эмч хүн үндэс угсаагаар өвчтөнөө ялгаварлах нь байтугай дайснаа эмчлэх эмчийн тангарагтай байдаг бус уу. Гэтэл Лхагварагчаа эмчийнхээр бол харийн эмч болохоор монгол хүмүүсийн эрүүл мэндийг бодохгүй юм байх. Энэ ярилцлагын гол санаа нь нөгөө өчигдрийн сүртэйгээр нээлтээ хийж гэрлэн чимэг гялалзуулсан солонгос эмнэлгийн эсрэг хийсэн “пиар” бололтой гэж дотроо таамаглав.
Ингээд тэр монгол хүмүүсээ боддог монгол эмч нарийн тухай өнөөгийн монголын эрүүл мэндийн байгууллагууд, эмнэлгийн тухай зөвхөн өөрийн амьдралд тохиолдсон хэдхэн жишээнээс иш татаж бичихээр шийдлээ. Хөөрхий ээж минь жил гаруйн өмнө ходоодны хорт хавдраар шаналж байгаад өөд болсон юм. Ер өвчин хууч хэлдэггүй ээжийгээ “Энэ өрцөн доор үе үе жаахан эвгүйрхээд байх юм” гэж хэлэхээр нь тийм аймшигт өвчин хажууд ирсэнийг гадарлаа ч үгүй бид бараг насаараа эмч хийсэн туршлагатай гэсэн хүнийг сонгож байгаад үзүүлсэн юм л даа. Гэтэл тэр эмч санаа зовох юм байхгүй нас яваад ирэхээр зүрх нь жаахан муудсан байна гээд баахан зүрхний эм тариа бичиж өглөө. Тэдгээр эмийг ээж минь жил гаран ууж бүтэн жил тэр хороор хордож аягүй л бол тэр эм нэртэй хор нь хөөрхий ээжид минь хорт хавдар үүсгэсэн байхыг ч үгүй гэх газаргүй. Туршлагатай сайн эмч гуайд найдаад хөөрхий ээжийгээ нэлээн зовиурлах хүртэл нь хавдарын эмнэлэгт эртхэн үзүүлээгүйдээ одоо ихэд харамсавч үхсэн хүн ямар босоод ирэх ч биш дээ. Уг нь тэр анх үзүүлсэн эмч зөв онош тавьсансан бол өнөөдөр ээж минь амьд л байх байсан. Харамсалтай нь тэр эмч өнөөдөр нэг хүний аминд хүрчихсэн хирнээ зүв зүгээр ямар ч хариуцлага хүлээхгүй бас нөгөө худлаа оношоо тавьсаар өвчтэй зовлонтой хүмүүст тун тунгаар нь хор уулгасаар л явж байгаа. Тэр хүнд хариуцлага тооцох тогтолцоо өнөөгийн Монголын нийгэмд, эмнэлэг эрүүл мэндийн байгууллагад л лав алга. Нэг удаа охин маань гэдэс өвдөөд байна гэхээр нь хүүхдийн хамгийн сайн эмч гэж хүмүүсийн зааж өгсөн эмчийг сурагласаар очиж үзүүллээ. Гэтэл тэр эмч өөрийнхөө мэргэжлийн чадварт тэгтлээ итгэдэг юм уу эсвэл тийм хэнэггүй юм уу хааш яааш хэл амыг нь ангайлгаж үзсэн болоод бүр ядаж чагнуураараа чагнадаг даа тэгсэн ч үгүй бас баахан алд дэлэм урт цаасан дээр эмийн жор бичиж өглөө. Ямар ч шинжилгээ хийгээгүй бүр цусны ч шинжилгээ аваагүйгээр тийм их эм хүүхдэд бичиж өгөхөөр нь би жаахан гайхаад шинжилгээ хийлгэхгүйгээр ийм их эм уулгаж болох юмуу гээд асуучихсан биш эмчийн бүүр зэвүүг нь хүргэчихсэн бололтой юун сүртэй юм гэдэс нь жаахан эвгүйрхсэн байна гэж билээ. Тэр эмчид миний хүүхдийн эрүүл мэнд сүртэй юм биш байж харин надад бол хамгийн их хамаатай зүйл билээ. Хамгийн сүүлчийн жишээ бол би өөрөө эмчид үзүүлэхэд тохиолдсон юм. Эмчийн оношоор бол надад ер нь эрүүл эрхтэн алга бололтой. Танил маань нэг удаа хувийн эмнэлгүүд орлогоо бодоод баахан худлаа онош тавиад тэрийгээ эмчилж байна гэж мөнгө саадаг гэж ярьж байсан санаанд орж байсан ч ядаж үйлчилгээ ааш зан нь арай дээрийг нь бодож нэгэн хувийн эмнэлэгт хандсан юм. Залуухан эмч бүсгүй арваадхан мөчийн дотор үзэж дуусаад бас л баахан эм бичиж өглөө. Харин энэ удаа эмнэлгийнхээ орлогыг бодсон уу яасан нэлээд олон төрлийн шинжилгээ авлаа. Бичиж өгсөн эмүүдийг нь заавал эмчийн зааж өгсөн эмийн сангаас авах ёстойг бүүр дахин дахин их л чухалчлан хүссэнийг бодвол тэр эмчийн өөрийнх нь юм уу эсвэл танилынх нь эмийн сан байх гэсэн хар өөрийн эрхгүй төрж билээ. Гэртээ хариад авсан эмийнхээ жорыг заавал уншиж үздэг “муу зандаа” хөтлөгдөн уншаад үзтэл яасан гээч нэг дор хэрэглэвэл бие биеийнхээ үйлчилгээг сулруулдаг хамт хэрэглэвэл харшилд мэдрэмтгий болгодог 2 эмийг хамт хэрэглэ гээд өгчихсөн байж билээ. Гадаадад бол хүнд эмчилгээ хийх эм бичиж өгөхийн тулд эхлээд баахан шинжилгээ авдаг бүр заримдаа залхмаар их. Тэгээд зайлшгүй эм бичиж өгөх болвол эмч хүн жороо маш сайн уншаад өвчтөнийхөө эмийн зүйлд харшилтай эсэх бүүр тунгаа тааруулж бичихийн тул тухайн хүний биеийн жинг нь хүртэл асуудаг. Гэтэл манай эмч нарт эм гэдэг химийн аргаар найруулсан хор нь эмчийн болоод танил талынх нь эмийн санд орлого оруулах бөөн мөнгө болж харагддаг нь харамсалтай. Эмч нар эм хамаагүй хэрэглэхийг зөвлөдөг болохоор монголчууд бид эмийг хэт замбараагүй хэрэглээд бүүр дасчихсан байна. Хамт ажилладаг 25 настай залуу шингэн хийлгэнэ гэж байх юм. Эрүүл саруул сэргэлэн цовоо ид залуу хүн шингэн хийлгэж яадаг юм гэсэн чинь ойрдоо хавар болоод жаахан ядраад шингэн хийлгэвэл сайн гэхээр нь хийлгэх гэж байгаа юм гэж билээ. Бас нэг ээж 18 юм уу 19 тэй охиноо манай энэ хэд хоног зуны амралтаар нь ажил хийлгэчихсэн чинь бүүр ядраад үхэх нь судсаар нь витамин шингэн тариулж өгөхөөс гэж билээ. Мөн нэг танил маань амралтаа авсан гэхээр нь тэгээд сайхан амарч байна уу гэтэл хэд хоног эмнэлэгт хэвтдэг юм уу гэлээ. Өө яасан юу чинь өвдөө вэ гэж харваас эрүүл саруул түүнээс юу нь өвдсөнийг тааж ядаад асуутал зүгээр ээ амарсан дээрээ эмнэлэгт хэд хоног хэвтэж эмчилгээ хийлгэнэ гэх юм. Манайхан биеэ жаахан ядарвал эмээр биш зүгээр л сайхан хээр хөдөө салхи агаарт гарч амарвал эм болдог гэдгийг эмч нь ч өөрсдөө ч нэг л сайн ойлгохгүй байх шиг. Аль ч эмнэлгээр орсон уртаас урт дараалалд тэсвэртэйгээр хүлээн суух өвчтэй зовлонтой хүмүүсийг харахаар монголчууд бид чинь ингэтлээ өвчин зовлонд баригдчихсан улсууд уу гэх эмзэглэл төрмөөр. Уг нь соёлтой боловсон газарт бол утсаар цаг захиалаад хүмүүсийг чирэгдүүлэхгүйгээр үйлчлээд бүр хэвшчихсэн байдаг. Үүнээс гадна эмч эмнэлгийн ажилтнууд маань хүний амь насны төлөө тангараг өргөсөн улсууд байж зоосны нүхээр бүхнийг харахын хажуугаар мэдлэг боловсролоо дээшлүүлэх тал дээр ер анхаардаггүй. Шинжлэх ухаан үсрэнгүй хөгжсөн өнөө үед аль хорь гучин жилийн өмнө авсан диплом, практикаас сурсан ойр зуурын өвчний талаарх мэдлэг дээрээ эмч гэдэг мэргэжлийг хязгаарлаж болмооргүй санагдана. Монгол эмч нар нэг иймэрхүү байдлаар өвчтөндөө хандаж байхад бид гадны эмч нарыг шүтэхээс өөр яалтай ч билээ. Харин ч эх оронд маань монгол хүмүүсийг эмчлэх гээд эмнэлгээ байгуулж байгаа Солонгос эмч нарт баярлууштай. Харин тэд ядуу монголчуудын маань зовлонгоор жаргал хийж ашиг хонжоо хайсан эмчийн тангаргаа уландаа гишгэлсэн манай эмч нарын нийтлэг төрхөөс өөр л байгаасай даа.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

5 сэтгэгдэл