Бороо шивэрсэн Венийн өдрүүд

12:04 PM


Миний бие өнгөрсөн долоо хоногт Австри улсын Вена хотод хэдэн хоногийн семинарт суугаад ирлээ. Семинарын гол чиглэл нь банкны бусад банк санхүүгийн байгууллагуудтай хийх харилцаа холбоо, бизнесийн асуудал байлаа. Монголын банкуудаас ердөө 3 хүн уригдсан нь цаад зохион байгуулагч болох Raffaissen Zentral Bank Osterreich-тэй (RZB) харилцаа холбоотой монголын банкууд цөөхөн байгаагаас болсон байх. RZB бол Австрид төдийгүй Европт хийж буй үйл ажиллагааны цар хүрээгээрээ дээгүүрт ордог том банк бөгөөд сүүлийн үед ОХУ болон зүүн Европийн зах зээл бас Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудыг ихэд сонирхож эдгээр зах зээлд хүчтэй түрэн орж байгаа юм байна. Энд нэг сонирхолтой санагдсан зүйл бол тэр том барууны банкинд маш олон оросууд ажиллаж байгаа нь Оросын эдийн засгийн хүчтэй өсөлт болон зах зээлийн шингээх чадвараас нь болоод барууныхан Оросуудыг асар их сонирхож байгаа нь харагдсан шүү. Хэдхэн жилийн өмнө орос хэл бараг хэрэггүй болох нь гэж үзэж байсан бол орос хэл мөдхөн англи хэлнээс хэрэгцээтэй болж мэдэхээр санагдсанаа дурдахад илүүдэхгүй биз. Миний хувьд хэрвээ арваад жилийн өмнө тэрхүү семинарт суусан бол ёстой юу яриад байгааг нь ч ойлгоход бэрх байх байсан байх. Харин Монголын банкууд яаж өсөж хөгжсөн тэр дундаа манай Худалдаа хөгжлийн банкны гадаад харилцаа яаж өргөжсөн олон улсын зах зээл дээрх үйл ажиллагаа нь хэрхэн өсөж бэхжиж байгааг мэдэрч энэхүү банкинд ажиллаж байгаагаараа бахархах сэтгэгдэл төрж байснаа нуух юун. Худалдаа хөгжлийн банк гэхээр саяхан тус банкнаас Сингапурын хөрөнгийн бирж дээр бүртгүүлж олон улсын зах зээл дээр арилжаалагдсан дунд хугацааны бонд гаргаснаар нь барууныхан андахгүй мэдэж Монголоос олон улсын хөрөнгийн зах зээлд анх удаа ийм амжилттай бонд арилжсан явдалд тааралдсан хүн болгон баяр хүргэж байсан нь ихэд сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа. Зураг дээр Вена хот. Дунай мөрний эрэг дээр орших бөгөөд шинэ хуучин Вена хот энэхүү сүрлэг мөрнөөр хоёр хуваагдсан.


Schonbrunn /орчуулбал “Үзэсгэлэнт булаг”/ буюу хааны ордон


Австри улс өнгөрсөн зууны эхэн хүртэл Бүгд найрамдахчууд засгийн эрхэнд гарах хүртэл хаант засаглалтай байсан. Энэхүү Sсhonbrunn гэх үзэсгэлэнтэй ордон нь Австри-Унгарын хаант улсын үе үеийн хаадуудын зуны ордон байсан бөгөөд Венд зочилсон хүн бүр заавал хаалгийг нь татахаас аргагүй сайхан ордон юм. Ордоны эх суурь анх 1696 онд тавигдсан бөгөөд энд зочилж буй жуулчдын анхаарлыг амьтны хүрээлэн, хаадын ангийн цэцэрлэг, алдарт зураачдын уран зураг, Хятад, Энэтхэгийн эртний урчуудын бүтээл мөн европийн язгууртны ордоны рокoко загвараар урласан 1441 өрөө бүхий ордон музей зэрэг зүйлүүд өөрийн эрхгүй татна. Австри Унгар Бохеймийн император Мария Тереза гэх эмэгтэй хаант засгийг 1745-1780 онуудын хооронд барьж байсан бөгөөд түүний Австри улсын түүхэнд хийж бүтээсэн зүйл асар их. Тухайлбал 16 хүүхэд төрүүлсэн тэрбээр Австрийн бүх хүүхдүүдийг албан ёсоор сургуульд хамрагдах зарлиг гаргаж боловсролын системд шинэтгэл хийж байжээ. Мөн тэрээр охидуудаа европийн олон орны хаадын гэр бүлд бэр оруулж байсан нь тухайн цаг үед энх тайвныг бэхжүүлэхэд их том үүрэг гүйцэтгэсэн байна. Түүний том хүү Френсис Жозеф хаант ширээг залгамжилж байсан бөгөөд өөрийн үеэл дүү 16 настай Элизабеттай /бид Сиси гэдэг нэрээр нь түүхэн киноноос сайн танина/ түүний эгчтэй суух тохиролцоог няцаан байж гэрлэсэн байна. Гэвч тэдний амьдрал кинонд гардаг шиг жаргалтай байсангүй. Хатуу зарчимч хадам ээж, хааны гэр бүлийнхэнд Сиси дассангүйгээр барахгүй хамгийн гунигтай нь төрүүлсэн охин нь нялхдаа эндэж хаан ширээ залгамжлах хүү Рудольф нь нууц амрагийнхаа хамтаар амиа егүүтгэсэн байна. Энэ ордонд 6 настай Моцарт император болон түүний гэр бүлийнхэнд зориулсан тоглолтоо хийдэг байжээ.


Зальцбург Моцартын төрсөн хот


Худалдаа хөгжлийн банкны төлөөлөгчидийг манай Австри дахь ажил хэргийн гол түнш маань энэхүү эртний сайхан хотыг үзэх завшааныг олгосон бөгөөд Зальцбург хот Моцартын төрсөн хот гэдгээрээ жуулчдыг урин дууддаг.Жил бүр уг хотод хөгжмийн том фестиваль болдог юм байна. Моцартын төрсөн гудамж төрсөн байшин их сэтгэгдэл төрүүлж байлаа. Зураг дээр Festung Hohensalzburg. Хотын төв хэсэгт Festung Hohensalzburg нэртэй эртний цайз байх бөгөөд энэхүү цайз бол тухайн үед Авсртийн хаант улсаас тусгай хот улс байгуулах сонирхолтой Арчбишоп гэх нөлөө бүхий язгууртаны санаачилгаар 1077 онд баригдаж эхэлсэн байна. Дотроо ордон музей, хүүхэлдэйн театрын музей гээд үзэх юм ихтэй. Дэлхийн I дайны үед цайзын доод хэсгийг Италийн хоригдлуудыг хорих шорон болгон ашиглаж байжээ. Цайзны хамгийн дээр их сайхан жинхэнэ Австри хоолны ресторан байх бөгөөд гадаах терасс дээрээс нь хотын байдлыг, Австрийн үзэсгэлэнт байгалийг тольдох боломж олгож тун таатай сайхан байлаа. Бороо шивэрсэн Венийн өдрүүд миний хувьд ажил хэргийн уулзалт бас аялал зугаалгыг хослуулсан тун сайхан аялал болж өнгөрлөө.

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

10 сэтгэгдэл