“Үлгэрийн сайхан Швед орон”

4:16 PM

Ийм гарчиг өгсөнд уншигчид маань гайхаж магадгүй. Зарим нэг нь юун ч нялуун юм гэж дургүйцэж ч магад. Гэхдээ л Швед оронд хөл тавиад талийгаач Мөрөн гэж Өвөрмонгол сэтгүүлч залуу ингэж дуу алдсан юмдаг. Уншигчид маань түүнийг “Цахим Өртөө”-ний идэвхтэн бичигч байснаар нь санаж байж магад. Хөөрхий талийгаач намайг Шведэд дөнгөж очих үеэр улс төрийн орогнолын асуудлаа хөөцөлдөж байгаад Шведэд цагаачилж байсан юм. Хожим “Цахим Өртөө” сэтгүүл дээр “Үлгэрийн сайхан Швед орон” гарчигтай нийтлэл бичсэн байхыг нөхөр бид хоёр олж уншаад арай л бодит байдалд нийцэхгүй байна гэх ухааны санал бичсэн биш бут ниргүүлэх дөхөөд эцэст нь бууж өгч билээ. Магадгүй Хятадын их гүрний дээрэнгүй бодлогын эсрэг тэмцэгч байж олон жил хавчигдан гадуурхагдсан түүний хувьд ардчилал нийгмийн хамгаалал дээд зэргээр хөгжсөн зэрэг нь болон Швед орны байгалийн сайхан түүнийг ийнхүү дуу алдахад хүргэсэн байх. Түүний хажууд амьдралын их зовлонд нухлагдаж хараахан амжаагүй бидний үзэл бодол, оюутны эгэл жирийн амьдрал маань цагаачлах эрхээ авсан түүний амьдралаас ялгаатай байснаас тухайн үед тэгж санал зөрөлдөхөд хүргэж байсан байх л даа.
Юутай ч одоо ингээд бодож байхад Швед орныг үнэхээр үлгэрт гардаг шиг жаргалын орон эсвэл диваажинтай зүйрлэж яагаад болохгүй гэж гэсэн бодол өөрийн эрхгүй төрлөө л дөө.

Этгээд сонин Швед хэл

Миний бие SAS буюу Скандинавийн авиакомпаниар Бээжингээс Стокгольм хүртэл аяласан бөгөөд онгоцонд ормогц хамгийн түрүүн нүдэнд содон харагдсан зүйл бол энгийн хээгүй хувцасласан ахимаг насны үйлчлэгч нар байлаа. Аль ч газрын онгоцны үйлчлэгчийг нарийхан гуалиг, залуухан бас царайлаг бүсгүйчүүдээр төсөөлөөд сурчихсан бидний хувьд энэ байдал их содон байж билээ. Эндээс л Шведүүд, Скандинавынхан гэдэг бол их хээгүй хүний болон аливаа юмны дотоод мөн чанарыг гадаад байдлаас нь илүүтэй үнэлж үздэг хүмүүс болохыг нь мэдэж болохоор санагдсан бөгөөд миний таавар ч худлаа байгаагүй юмдаг. Хүн ажлаа жинхэнэ ёсоор нь л хийж чадаж байвал заавал гадаад үзэмж сайтай байх бас хүнийг насаар нь ялгаварлах бол хамгийн бүдүүлэг явдал гэдгийг эндээс л шууд олж мэдсэн юм. Үйлчилгээ бол мэдээж ойлгомжтой өөлөх юмгүй сайхан харин сайхан бүсгүйчүүд харж нүдээ хужирлах сонирхолтой эрэгтэй хүмүүсийн хувьд ямар дүгнэлт өгөхийг хэлж мэдэхгүй юм.

Бас нэг содон зүйл бол хэтэрхий их өргөлттэй “интонаци”-тай Швед хэл байлаа. Ямартай ч Швед хэлээр ярихыг анх сонсоход Франц хэл шиг сурах хүсэл төрөхгүй л юм билээ. Иймд миний хийсэн анхны дүгнэлт бол швед хэл яав ч чихэнд сонсголонтой хайр дурлалын хэл биш юм гэсэн бодол байлаа.
Швед хэл нь Nordic хэлний бүлэгт хамаардаг бөгөөд Скандинавынхны хэл гэж үзэж болно. Норвег, шведүүд хоорондоо бараг төвөггүй ойлголцоно. Дани хэлийг бол немц акценттэй швед хэл гэж хэлж болох юм. Яагаад гэвэл даниар бичсэн зүйлийг швед хэлтэй хүн уншаад ядаж 60 хувийг нь ойлгох боломжтой бол яг ярьж байхыг нь сонсохоор бараг ойлгохгүй. Финландууд харин тэс өөр хэлтэй, хэлний бүлгийн хувьд ч гэсэн финлянд хэл нь манай монгол хэлний бүлэг буюу Алтай язгуурын хэлэнд ордог. Өгүүлбэр зүйн бүтцийн хувьд үйл үгээрээ төгсдөг, үгийн дагаварууд нь үгнийнхээ хойноо байрладаг зэргээрээ монгол хэлтэй адил төстэй. Финланд Эстоничууд хоорондоо ойлголцоод байдаг байх. Финландууд Шведийн Хаант Улсын нэг хэсэг олон жил байсан учраас шведээр маш сайн ярина. Одоо болтол дунд сургуульд швед хэлийг бүр бага ангиас нь заадаг.

Шведүүд англиар маш чөлөөтэй дээр нь их уриалгахан ярина. Ялангуяа залуучууд нь их цэвэрхэн ярьдаг юм билээ. Франц, Герман мэтийн их гүрнүүдэд англиар ярихад яаж ханддагийг уншигчид маань эрх биш гадарлах биз. Парист нэлээн том дэлгүүрт англиар хэл нэвтрэлцэх гэж би нэлээн юм болж билээ. Худалдагч бүсгүй англи хэл гадарладаг л байсан байх гэхдээ надтай харьцахыг огт хүсэхгүй байгаа нь түүний тоомжиргүй харцнаас илт санагдсан. Юутай ч шведэд англиар харилцахад хаана ч тэр үйлчилгээний газар эгэл жирийн хүмүүстэй ч тэр төвөггүй байсан энэ явдал надад их олзуурхууштай хэрэг байсан ч бас хохиролтой юм байсныг хожим ухаарсан. Манай магистерийн програм англи хэл дээр тул эхний жил бараг швед хэл сурах шаардлага гараагүй. Харин сургуулиа төгсөөд ажил хайх үед швед хэлгүй бол хаашаа ч хөдлөх гарцгүй болдог юм билээ. Тэгээд хүссэн хүсээгүй эртхэн энэ шулганасан швед хэлийг нь сурч байхгүй яав даа гэж өөртөө харамсахад хүрч билээ. Уг нь манай програмд бас швед хэлний албан ёсны бус курс байсныг нэгд би удахгүй төгсөөд буцна гэж бодоод огт суугаагүй хоёрт нэг л сурах хүсэл төрөхгүй байсаар цаг алдсандаа дараа нь маш их харамсахад хүрч билээ. Ингээд ажил хайж хэсэг гүйгээд амжилт олоогүй би швед хэлийг шамдан сурахаар шийдвээ. Коммун буюу манайхаар бол дүүргүүд дээр цагаачдад зориулсан үнэгүй швед хэлний хичээл заадаг. Түүнд бүртгүүлэх гэж бараг 2 сарын хугацаа алдсаны дараа арай гэж хичээлдээ оройн цагаар сууж эхэллээ. Тэгсэн тэнд цугласан хүмүүс янз бүрийн зовлон зүдгүүр амссан дайн байлдаантай хүртэл газруудаас дүрвэж ирсэн голдуу Иран, Ирак бас хуучин Югославын холбооны улсуудаас Боснийн дайны үеэр дүрвэж ирсэн цагаачид байх. Эхлээд цагаачдад зориулсан хэлний курст сурах гэж байгаагаа хамт сурч байсан ангийнхаа хүүхдэд ярихад мань хүн их л эргэлзэнгүйгээр “Really” гэж асуусны учрыг хожим нь л ойлгож билээ. Ид гоё “disscussion” болж байхаар нөгөө нөхдүүд швед хэлний хичээлийг маань цагаачдын санал гомдол тавьдаг бухимдлаа тайлдаг газар болгоод хувиргачихна. Хөөрхий муу хичээл зааж байгаа багшид танай шведүүд ийм ч муу тийм ч хүйтэн гээд л гомдоллож гарна. Audence маань надтай арай л санаа нийлэхгүй хүмүүс байлаа. Би болохоор хэл сурах далимдаа аль болох швед “mentality” “culture” судлах бодолтой байсан юм. Надад сонирхолтой санагдсан зүйл дээр санаа бодлоо хэлэхээр цагаан арьстай Югославууд нь энэ муу ази хүүхэн юу гээд байгаа юм гэсэн аястай Иран Иракууд нь болохоор угаасаа эмэгтэй хүмүүсийг доош нь хийдгийн дээр жаахан нээлттэй харьцвал хандарч байна гэж ойлгож мэдэхээр байдаг байлаа. Багштайгаа харин үзэл бодол илүү нийлж урам зориг авдаг байсан юм. Ер нь швед хэл англи юм уу герман хэлтэй хүн сурахад их дөхөмтэй хэл зүйн дүрмийн хувьд англи хэлтэй их ойролцоо үгсийн сангийн хувьд герман орос славян хэлнээс зээлдсэн үгнүүд нэлээн байх зэрэг нь жаахан хичээгээд даалгавраа хийгээд байхад орчинд нь байгаа болохоор хагас жилийн дотор нэлээн ойр зуурыг ярихтайгаа болж тэнд хэдэн жил амьдарсан цагаачдын хэмжээнд хүрэх боломжтой байсан. Харин тэрнээс цааш илүү сурах тусам л хэцүү санагдаад байх. Хэдэн сарын дараа одоо л овоо болчихлоо гээд л янз бүрийн тест хийхэд яагаа ч үгүй байгаа нь харагдаж гутрах үе ч ирдэг байлаа. Хэл сурахад адилхан оюутнуудтай хамт сурвал илүү үр өгөөжтэй сэтгэл санааны хувьд ч бөөн цагаан хонин дунд орсон хар хонь шиг санагдахгүй үзэл бодол нийлээд урамтай сайхан байх юм шиг санагдсан.

Үргэлжлэл бий................

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

29 сэтгэгдэл