Швед орныг эргэн дурсахуй - Өмнөх үг

10:54 AM

Хүмүүс эх орноосоо хол газар амьдарсан тухайгаа зөндөө л олон дурсамжууд бичсэн байдаг. Би Швед хэмээх Скандинавын хойгт орших оронд амьдралынхаа бүхэл бүтэн нэг үеийг өнгөрөөсөн хирнээ энэ тухай дурсамжаа бичнэ гэхээр нэг их сайхан санаа биш санагдсан ч яагаад ч юм бичмээр санагдаад өөрийн эрхгүй үзэг цаас нийлүүлсэн минь энэ. Магадгүй би хэн ч урьд өмнө нь хийж үзээгүй хэтэрхий их шинэлэг зүйлийг л хийвэл жинхэнэ сэтгэлийн таашаал эдлэх шиг санадаг болоод ч тэр үү дурсамж бичих ажлыг нэг их ойшоож үздэггүй юм. Эсвэл дурсамж бичнэ гэдэг миний насны хүний хувьд арай эртдэнэ гэж боддог байсан ч байж магадгүй. Ер нь би гэдэг хүн чинь тэгээд нэг их дурсамж энэ тэрээ бичээд байхаар олны танил болсон алдартай мундаг хүн ч биш шүү дээ. Гэхдээ л яагаад ч юм харь газар туулж өнгөрүүлсэн амьдралаа бусадтай хуваалцмаар санагдаад болж өгдөггүй.

Хүний амьдралын нэг арван гэдэг магадгүй зарим нэгэн хүнд нэг их сүйдтэй урт хугацаа биш шиг санагдаж болох л юм. Ямар ч байсан миний хувьд бол энэхүү хэдэн жил амьдралд минь ихийг бодогдуулсан их зүйлийг нээж өгсөн зуунаас урт өдөр гэдэг шиг зуунаас урт үйл явдлаар дүүрэн он жилүүд байсан.

Миний хувьд Швед орон гэдэг яах аргагүй 2 дахь эх орон минь. Би тэнд охиноо төрүүлж бас боловсрол эзэмшиж дэлхийн хөгжлийн, соёлт ертөнцийн хүмүүсийн амьдралын зах зухаас суралцсан. Хүний л амьдрал болсон хойно инээд баясал урам зориг, хөгжил дэвшлээр дүүрэн үеүд ч байсан гутрал гуниг харуусал бухимдлаар дүүрэн үеүд ч зөндөө л байсан. Хожим эргээд бодож байхад өөдрөг зүйлүүд нь саар муу зүйлээсээ илүү жин дарах болоод л алс холын Швед орны тухай бяцхан дурсамжаа уншигч олонтойгоо хуваалцахаар зориг шулуудсан байх л даа. Хүн хэзээ байхад л өөрт тохиолдсон хэцүү, муу муухай зүйлүүдийн тухай эргэж бодох дуртай байлаа даа. Мөн нөгөөтэйгүүр монголчууд маань ялангуяа залуучууд гадаадад амьдарахаар тэмүүлцгээдэг болж тэдгээр хүмүүст бага ч гэсэн сургамж болох болов уу санах сэрэх зүйл өгөөсэй гэсэндээ энэхүү дурсамжаа тэрлэх болсон сэтгэлийн нууцаа одоо л тайлж мэдэж байгаа минь энэ.

Энэхүү цуврал бичлэгүүдээр аль болох бодит өөртөө тохиолдсон зүйлийг бичихийг эрхэмлэх боловч мэдээж уншигчдадаа сонирхолтой болгохын тулд бага зэргийн уран сайхны хэтрүүлэг хааяа хааяа хэрэглэх болно гэдгийг урьдчилаад сануулчихъя.

Яагаад заавал Швед гэж?

Энэ асуултыг тэнд очсон хойно ч олон хүн асуудаг байсан. Нээрээ хөрөнгөт нийгмийн хөгжлийн дээд Англи ч юм уу эсвэл эрх чөлөөний орон Америк ч биш яагаад заавал Швед гэж.

Би монголдоо бакалаврын зэргээ авахдаа монгол сургууль дүүргээд бас ч үгүй банк санхүүгийн байгууллагад хэдэн жил ажиллаж ажлын туршлагатай болсон нэгэн байлаа. Мэргэжилдээ бол нэлээн сайн гэж үнэлэгддэг ахиж дэвшиж явсан залуу ажилтан бүсгүй байснаа ч нуух юун. Ерээд оны дундуур Монголд дөнгөж л интернет е-шуудан гэдгийг хүмүүс хэрэглэж эхэлж байсан байх. Яах аргагүй хөгжих ёстой банк санхүүгийн салбарт ажилладаг байсны ачаар шинэ технологи шинэ зүйл түрүүлж нэвтэрдэг байсан нь их сайхан хэрэг байлаа. Ерээд оны залуучууд бидний дуртай зүйлийн нэг нь интернетээр сэлгүүцэх “чатлах” байлаа. Ийм замаар дэлхийн өнцөг булан бүрт суралцдаг монголчуудтайгаа тэр дундаа оюутан залуучуудтай танилцан нөхөрлөсөн маань миний амьдралд чухал нөлөө үзүүлсэн. Ялангуяа Monstudnet-ийг тэнд тухайн үед “чатладаг” оюутнуудыг мэдэхгүй тэр үеийн залуучууд ховор биз ээ. Тэдний ярьж хэлж байгаа санаа бодол нь цаанаа л нэг өөр сайхан санагддаг байсан. Эндээс л миний ер нь гадаад гарч боловсрол эзэмшье гэх хүсэл эрмэлзлэл үүссэн байх гэж боддог юм. Дээр нь миний найз залуу хамаатан саднууд нь Шведэд байдаг тул тэнд сургуульд суралцахаар явах болсон нь сурах газар маань Швед болох замыг бүүр заагаад өгсөн юмдаг. Сурах боловсрол эзэмших гэдэг бол хэзээ ч миний хүсэл эрмэлзлэл байсан. Түүнээс биш би зүгээр нэг гадаад гарч мөнгө олох амьдрал ахуйгаа дээшлүүлнэ гэж хэзээ ч хүсч тэмүүлж байгаагүй л дээ.

Ингээд л өвөлжин интернетээр Стокгольмд сурч байсан найз залуугийнхаа хамт эрж хайсны эцэст Стокгольмийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр магистрантурт суралцах урилга авлаа. Юм гэж бас их сонин юм сургуулийн зөвшөөрөл авсан өдрөө бодсон чинь одоогоос яг долоон жилийн өмнө энэ өдөр 4 дүгээр сарын 5-ны өдөр байсан байх юм. Ямар ч байсан тэр өдөр миний амьдралын баярт өдрүүдийн нэг яах аргагүй болсон юмдаг. Тэгээд очсон хойноо сурах нөхцөлөө бүрэн хангахын тулд ямар нэгэн тэтгэлэгт хамрагдах арга зам хайж хаваржин гүйлээ. Дотны нэгэн найз минь Боловсролын яаман дээр гадаадын магистрантурт суралцах оюутнуудад төрийн сангийн тэтгэлэгт хамрагдах сонгон шалгаруулалт явагдах гэж байгаа гэхээр нь очоод бүртгүүлчихлээ. Яг үнэнийг хэлэхэд энэ ч юу л бол тэр хавиар танил талгүй над мэтэд ч бараг давдаггүй даваа байхаа л гэсэн шүү юм бодож урамгүй хүн явж байлаа. Дээр нь найз залуу маань очоод сургуульд сурвал ажил хийх ямар ч боломж байхгүй юм гээд өөрөө эгчээрээ бүтэн жил тэжээлгэж байгаадаа жаахан санаа зовж сэтгэл дундуур байгаагаа үе үе цухалзуулах нь сэтгэлд жаахан түгшүүр төрүүлээд байлаа. Гэхдээ л би шантраагүй хайртай хүн дээрээ очно дээр нь хүсэж мөрөөдөж байсан сургуульдаа сурна гэдэг хүсэл эрмэлзлэлийг минь энэ мэтийн ахуйн жижиг зүйлүүд няцааж чадна гэж үү.

Тэр үед банк санхүүгийн систем ид гүнзгий хямралд орж олон ч банк дампуурч байлаа. Миний хариуцсан ажлын чиглэл бол иргэдийн хадгаламж, хадгаламжийн бодлого зэрэг байлаа. Дөнгөж сургууль төгсөж ирээд анх ажилд ороход банк гэж байгууллага ямар зарчмаар тухайлбал иргэдээс хадгаламж татаж түүнийгээ бусдад зээлж мөнгө олдог гэдэг энгийн ухагдахуунийг ойлгоогүй шахам хүмүүс банкийг удирдаж банкинд ажилладаг байсанд үнэхээр гайхдаг байсан. Би чинь тухайн үед улсын хэмжээний нийт хадгаламжийн 60 гаруй хувийг төвлөрүүлсэн том банкны тэр олон тэрбум төгрөг, тэр олон мянган харилцагчдыг хариуцсан ганцхан хадгаламжийн эдийн засагчийн үүргийг гүйцэтгэж байлаа. Харин зээл буюу миний эсрэг талд ажилладаг хүмүүс бол хэдэн арваараа тоологддог байсан. Яагаад вэ гэхээр тэр үед зээл олгодог эрх бүхий зээлийн эдийн засагч бол маш сонирхолтой бас ашигтай хэн хүний хорхойг хөдөлгөсөн ажил байлаа л даа. Улсын өмч дээр суурилсан арилжааны банкуудын зээл олгох үйл ажиллагаанд хариуцлага сахилга бат маш сул дорой, дээр нь зах зээлийн эдийн засагт банк яаж ажиллах талаар мэдлэг боловсролтой боловсон хүчнээр дутмаг байсан тул барьцаа баталгаа, эдийн засгийн ямар ч үндэслэлгүй зүйлд улсын хөрөнгийг, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг хайр найргүй тарааж байлаа. Бүүр банкнаас зээл авахад зуучилсан хүнд 10-20 хувийг нь май гээд зээлдэгч нь бэлэглэчихдэг байсан юмдаг. Зээл олголт зээлийн эдийн засагч гэдэг хээл хахуулийн үүр уурхай байдаг байлаа. Надтай яг адилхан цалин авдаг магадгүй надаас хамаагүй бага ажил хийдэг зээл хариуцсан хамт ажилладаг нөхдүүд минь тухайн үед амьдрал ахуй эдэлж хэрэглэх нь надаас газар тэнгэр шиг зөрөөтэй байдаг нь хээл хахууль шударга бус байдлыг гэрчилж байсандаг. Хадгаламж эзэмшигч харилцагч нар чинь тэр баруун солгойгүй цацаад байгаа зээлийн чинь эх үүсвэр буюу хадгаламж гэдэг чинь банкны хувьд амин сүнс нь гэдгийг хуучин социализмийн үеийн банкнаас шилжин ирсэн харилцагч хадгаламж эзэмшигчдээ тас загнаад хаячихдаг тийм хуучинсаг ажилтнуудад ойлгуулах гэж хэрэндээ ихээхэн хөдөлмөр гаргаж билээ. Өдөрт дор хаяж хоёр гурван харилцагчдаас гомдол хүлээн авч эв зүйгээр нь шийдвэрлэж өгдөг байлаа. Одоо ч сайхан болж дээ. Банкуудын өрсөлдөөн их болж юун харилцагчаа загнах нь битгий хэл аягүй шиг харсан банкны ажилтан ажлаасаа халагддаг болж.

Банкны системд шинэ хадгаламж зээлийн тухай зохицуулалтын хуультай болж тэрэнд нийцсэн анхны хадгаламжийн заавар, харилцагчидтай албан ёсоор хадгаламжийн гэрээ байгуулах зэрэг одоо бодоход маш энгийн боловч тухайн үед ор сураггүй байсан зүйлүүдийг анх банкны системд нэвтрүүлж байсандаа одоо ч гэсэн өөртөө сэтгэл хангалуун байдаг юм. Харин сүүлд миний бичсэн бүүр яах аргагүй хэдэн өдөр толгойгоо гашилгаж бодож найруулж бичсэн зүйлүүдийг минь тухайн үед шинээр гарч ирсэн /одоо ч мундаг том банкууд болж дээ/ шууд хуулбарлаад авсан байхыг ч харж цухалдаж ч явлаа. Баруунд бол ч оюуны өмч энээ тэрээ гээд шүүхэдвэл ч хэдэн төгрөг салгачих байсан байж магадгүй харин дөнгөж социализмаас ардчилсан нийгэмд шилжиж байсан тухайн үед тэгж гүйвэл тэнэг минь чи юугаа чалчаад байгаа юм л гэх байсан байх даа.

Банк, банкны зээлийн ажилтнууд тэгж бодлогогүй дураараа дургиж байснаас олон банкууд эхнээсээ алдагдалд орж дампуурч эхэлсэн. Төв ази банк, Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк, ХОТШ буюу Хөрөнгө оруулалт технологийн шинэчлэлийн банк, Монгол даатгал банк, Ардын банк, Сэргээн босголтын банк гээд шил шилээ даран дампуурлаа зарлаж эхэлвээ. Хадгаламж эзэмшигчид ч гэсэн одоо хадгаламж зээлийн хоршоонуудад хулхидуулсан шигээ банкуудад хулхидуулж жагсаал цуглаан хийсний хүчинд зарим нэг дампуурсан банкны хадгаламжийг тухайлбал миний мэдэхийн л лав Төв ази банкны хадгаламжийг улсын төсвөөс хадгаламж эзэмшигчдэд нь эргүүлэн олгож байсан юмдаг. Харамсалтай нь энэ хэдхэн жилийн өмнө болсон түүх одоо хадгаламж зээлийн хоршоодод яг давтагдаад байгаа нь монголчууд бид алдаан дээрээ суралцахдаа их маруухан улсууд болохыг батлаад байгаа юм. Тухайн үеийн банк санхүүгийн системийн хямрал банкны дампуурлуудыг ингэж нуршаад байгааг уншигчид минь бүү гайхаарай. Нөгөө л улсын тэтгэлэгийн уралдаант шалгалтад орох илтгэл бичихэд минь олон банк дампуурсаны улмаас хүмүүсийн банкинд итгэх итгэл таг унасан тухайн цаг үед “Хадгаламжийн даатгалын системийг Монголын банк санхүүгийн системд нэвтрүүлэх нь” гэсэн сэдэв ёстой хүмүүсийн загатнасан газар нь маажихтай адил “сэнсаацитай” сонирхолтой сэдэв байлаа л даа. Яагаад энэ сэдвийг сонгох санаа төрсөн бэ гэхээр 1929 оны Америкт эдийн засгийн хямралын үед яг манайд тохиолдсон шиг олон банкууд дампуурч байсан тэгээд Рузвельтийн Засгийн газраас “Холбооны хадгаламжийн даатгалын корпораци” гээчийг байгуулсан нь их үр дүнгээ өгсөн гэж нэг номноос уншиж байснаас санаа авч тийм сэдэв сонгох болсон юмдаг.

Уралдаант шалгалтын өдөр ч боллоо. Би ч үнэндээ ямар ч итгэлгүй хүн эдийн засгийн чиглэлээр шалгалт өгөх хорь гучаад эрчүүд голдуу костюм зангиа болсон залуучуудын дунд өөрийгөө ихэд голонгуй тэдний сүрд дарагдаастай нэг амьтан л ээлжээ түгшүүртэйгээр хүлээж суулаа. Харин шалгалтын дүн гарахад нүдэндээ ч итгэхэд бэрх байсан. Засгийн газар ажилладаг нэг бүсгүй бид 2 нэгдүгээр байран дээр оноогоороо тэнцсэн байдаг байгаа. Нөгөө сүрийн сүрийн эдийн засгийн онол ярьсан их дээд сургуулийн багш нар голдуу залуучууд сураг ч алга. Шалгалтыг шударга явуулсан хүмүүст одоо ч гэсэн баярлаж явдаг шүү. Комиссийн дарга нь тухайн үедээ ихэд нэртэй улаан коммунист байрын эдийн засгийн багш хүн /харамсалтай нь одоо нэрийг нь мартаж/ байсан юмдаг. Эцэст нь би мэргэжлийн шалгалтандаа оноо илүү авч тэтгэлэгийн эзэн болсон юмдаг. Миний сэдэв тухайн үед их сонирхолтой дээр нь ажлын туршлага маань арай давуу байсан зэрэг нь түрүүлэхэд ихэд нөлөөлсөн байх гэж боддог юм.
Үргэлжлэл бий…

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

12 сэтгэгдэл