Монгол маягийн боловсрол

8:06 PM

Боловсрол гэж чухам юу юм бэ? Боловсролтой хүн гэж хэн бэ? Миний бодлоор бол боловсрол гэдэг нь системчилсэн мэдлэг, боловсролтой хүн гэдэг нь тэрхүү мэдлэгийг олж авах зорилготойгоор цаг заваа зарцуулж тархиа зовоож яваа хэн нэгнийг хэлэх байх. Тэгвэл тархиа зовоолгүйгээр зүгээр дипломтой болсон хүнийг боловсролтой хүн гэх үү. Өнөөдөр Монголд иймэрхүү маягаар боловсролтой болсон хүнийг тоолбол чамгүй тоо гарах байх. Үгүй ядаж бидний монголчууд боловсролтой байх нь чухал гэдгийг ойлгосон нь олзуурхууштай ч юм шиг. Миний нэг танил хүүхдүүдээ боловсролтой болгоно гээд хувийн дээд сургуулиудад 3 хүүхдээ зэрэг сургаж төсвийн цалинтай тэрвээр үйлээ үзэн байж төгсгөсөн. Гэтэл одоо нөгөө мундаг боловсролтой диплом өвөртөлсөн хүүхдүүд нь худалдагч хийгээд сууж байх. Боловсрол гэдэг бол тэгэхээр зүгээр нэг диплом хэмээгч цаасыг хэлэхгүй байх нь. Хэзээ хаанаас ямар цаас авсан нь бас их чухал. Бид зөвхөн тэр цаасыг өвөртөлөхөөс илүүтэйгээр суръяа мэдэе жинхэнэ боловсролтой хүн болъё гэж дээд сургуульд орж байна уу аль эсвэл хэн нэгнээс дутахгүйн тулд ч юм уу эсвэл хэн нэгэнд үзүүлж арай эрх мэдэлтэй ажил хийх л гэж дээд сургууль руу гадаад дотоодын магистер докторын сургалт уруу хошуураад байна уу. Юутай ч ард түмэнд суръя мэдье гэсэн хүсэл байна түүнийг зөв бодлого чиглэлээр удирдах нь төрийн үүрэг. Хэрэгтэй ч бай хэрэггүй ч бай цаасыг нь олж авъя боловсролтой болъё гэдгийг ухамсарласан нь бидний том амжилт. Харин бидний тэрхүү хүсэл эрмэлзлэлээр бизнесс хийгээд байгаа системийг өөрчлөх ард түмнээ жинхэнэ боловсролтой болгоход зайлшгүй төрийн бодлого хэрэгтэй. Борооны дараахь мөөг шиг олширсон их дээд сургуулиуд, төлбөртэй дунд сургуулиуд, цэцэрлэгүүдийг яах вэ. Зах зээлийн өрсөлдөөний хуулиар чанаргүй нь хаалгаа барьж чанартай нэгэн нь үлдэх л биз гэх хүн гарах л байх харин түүнийг хүлээсээр суутал дунд нь ард түмэн хохирсоор байгаа нь хэнд ч тодорхой.

Бидний социализмийн үеийн гэж шүүмжлэн үздэг боловсролын систем ядаж ямар мэргэжлээр хаана хэдэн боловсон хүчин хэрэгтэй байгааг мэддэг тэр чиглэлээрээ боловсон хүчин бэлтгэдэг байсан. Гэтэл өнөөдөр дан ганц зах зээлийн чиг хандлагаар явж байгаа дампуурсан боловсролын бодлогын харгайгаар аль нэг ашигтай гэж үзсэн салбар руу хүмүүс дур зоригоороо хошуурч улмаар төгсөөд ажлын байргүй боловсролтой хүмүүс авсан дипломоо харж хааяахан санаа алдаад ажилгүй сажилж яваа нь олон. Банк санхүүгийн, эдийн засгийн салбарыг тэрхүү салбарт ажиллаж буй хүмүүсийн амьдралын жишиг арай дээр байгаагаас ч юмуу олон залуучууд сонгох болж бүгд эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй болох шахсан. Гэтэл түүнээс чухал салбаруудад нарийн мэргэжлийн боловсон хүчин бараг алга болох дөхөж байна. Ганцхан жишээ татахад хэдхэн жилийн өмнө намайг төрийн тэтгэлэгт хөтөлбөрт гадаадын их дээд сургуулийн магисрантурт суралцахаар уралдаант шалгалт өгч байхад эдийн засгийн хувиар дээр нийт хүмүүсийн тал илүү хувь нь өрсөлдөж байхад мал аж ахуйн чиглэлээр цор ганц хүн ямар ч өрсөлдөгчгүй байсан юмдаг. Уг нь бидний тэр судлах гээд байгаа эдийн засгийг чинь Монголд бол мал аж ахуйн салбар л үндсэндээ бүрдүүлж байгаа гэхэд хилсдэхгүй. Зүй нь бол хүмүүс сонирхохгүй байгаа ч улс оронд зайлшгүй хэрэгцээтай чухал салбарууд, нарийн мэргэжлүүдэд төрийн бодлогоор дамжуулан хүмүүсийн сонирхлыг төрүүлэхэд боловсролын бодлого чиглэгдэх ёстой билээ.

Суурь боловсролын системийн заах арга барилыг үндсээр нь өөрчлөх цаг болжээ.

Танай хүүхэд ямар сурч байна “Онц уу” ? Тиймээ “Онц” гэж бид бахархан хариулах дуртай. Бид хүүхдийнхээ юу мэдэж чадаж байна вэ, ямар хүн болон төлөвшиж байна вэ, юуг хүсэж мөрөөдөж байна вэ гэдгээс илүүтэйгээр тэр л “Онц” гэсэн дүнгийн үнэлгээг чухалчилж үздэг. Нөгөө 10 жил “Онц” сурч байсан хүүхэд нь амьдрал дээр гараад “Онц” байж чадахгүй болсон хойно нь дандаа л онц сурч байсан хүн яахаараа ингэдэг байнаа гэж сая л анх удаа юунаас болов яав ийв гэж боддог. Үнэндээ хүүхдийг нь тэр “Онц” дүн эсвэл “Муу” дүн эвдсэнийг мэддэггүй. “Онц” эсвэл “Муу” бол ердөө л тухайн үед цаасан дээр бичсэн цифр гэж ойлговол зохино. Манай дунд сургууль цэцэрлэгт урьд шарын шашин хүчтэй дэлгэрсэн үед түвд ном, маань мэгзэм цээжилдэг шиг л элдэв шүлэг дууг өдөр бүр цээжлүүлж гарна. Бүр зөвхөн ангидаа ч биш эцэг эхэд нь захиж байгаад л уртаас урт хуулан бичлэг хийлгэх эсвэл дуу шүлэг цээжлүүлэх гэрийн даалгавар өгнө. Даалгавраа хийгээгүй муу дүн авахгүйн тулд охин чинь эсвэл хүү чинь бүлтийтлээ оройжин сууна. Өгсөн даалгавар нь нэг хэвийн ядаж хэтэрхий их учраас бага насны хүүхэд юун тухай ямар учиртайг нь мэдэж ухаж ойлгохын оронд хазгай мурий ч хамаагүй цээжилнэ эсвэл хуулан бичнэ. Өдөр бүр ийм маягийн сургалтын арга барилд дарамтлагдсан хүүхэд нэг бол онц дүн авахын төлөө утга учиргүй зүйлээр толгойгоо дүүргэнэ нэг бол бүр бууж өгөөд муу дүн авч улмаар ирээдүйдээ итгэлгүй нэгэн болно. Бага насны хүүхдийг залхаасан байдалтай энэхүү хоцрогдсон сургалтын арга барилаасаа бид салах цаг нэгэнт болжээ.Гадаадын олон оронд бага сургуулийн сурагчдад дүн тавьдаггүй. Энэ нь ямар учиртай вэ гэхээр үзэл бодол нь төлөвшөөгүй балчир насны хүүхдүүдийг би мундаг гэж биеэ тоох болон би муу сурдаг гэж өөрийгөө голсон идэвхгүй хүн болохоос сэргийлдэг байна. Сургууль цэцэрлэг бол хүүхдүүдийг юм сурч мэдэх хүслийг нь төрүүлдэг уриалан дууддаг газар болохоос хүүхдийг дарамтлан залхаадаг газар байх ёсгүй. Манай сургууль цэцэрлэгүүд бага насны хүүхдийг өөрийн сонирхлоор нь биш хүчээр нүдэж сургадаг маш том дутагдалттай. Охин минь нэг өдөр ээжээ би цэцэрлэгтээ явахгүй гэж байна. Яасан, яагаад гэтэл багш намайг дуу дуул гэсэн. Тэгээд дуулахгүй яасан юм бэ гэтэл би олон хүний өмнө дуулмааргүй байна гэж байна. За яахав заримдаа хүнд дуу дуулмааргүй санагддаг юм гэж би тайвшруулав. Удсан ч үгүй багш нь танай охин дуу дуулдаггүй бүрэг ноомой байна гэх маягийн гомдол мэдүүллээ. Харин би багшаас нь миний охиныг өөрөө дуу дуулъяа гэж гуйтал нь олон хүний өмнө битгий дуул гэж шаардаарай гэж гуйсан юм. Хэсэг хугацаанд охиндоо дуу зааж хамт хоёулаа гэртээ дуу дуулдаг боллоо яваа яаваандаа охин минь дуулах хүсэлтэй дуртай боллоо. Одоо ангидаа гэртээ байгаа шиг л цангинуулдаг болсон.За тэгээд та хүүхдийнхээ ирээдүйд анхаарч байна гээд хүүхдээ төлбөртэй хувийн сургууль, цэцэрлэгт оруулсан бол байдал бүүр дордоно. Хүний мөнгийг авч байгаа хүмүүс чинь бас хүүхдийн чинь сургалт хүмүүжилд их анхаарал тавьсан мундаг сурган хүмүүжүүлэгч болохоо, таны хүүхдэд илүү их зүйл зааж сургаж байгаагаа таньд мэдрүүлэх харуулахын тулд бүүр их гэрийн даалгавар өгч ажлаас ядарч ирсэн таны гэртээ амрах тухлах үнэт цагаас чинь хүүхдийн гэрийн даалгавар хийлгэх нэрийн дор хумсалж гарна. Сургуулийн бага ангид багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүд хүүхдэд юмны учир начрыг ухаарч ойлгуулахад, хүүхдийг өөрийгөө илэрхийлж сурахад болон өөрийн гэсэн үзэл бодолтой болоход нь цэвэр гоё бичих эсвэл олон дуу шүлэг цээжлэхээс илүүтэйгээр анхаарах нь чухал юм.

Би л гэхэд 10 жилдээ дандаа онц сурсан дараа нь дээд сургуульд ч толгой өвдөхгүй л төгссөн хүмүүсийн нэг явлаа. Дотроо өөрийгөө монголын хамгийн том дээд сургуулийг дүүргэсэн боловсролтой хүний тоонд оруулж явлаа. Харин хэдэн жилийн өмнө баруунд сургуульд яваад л манай боловсролын систем, монгол маягийн боловсрол биднийг хэн болгосныг мэдэрсэн. Биднийг аливаа юмыг олон талаас нь харж үнэлэлт дүгнэлт өгөх чадваргүй, өөрийн гэсэн хатуу байр суурьгүй, нэг хэвэнд цутгасан идэвхгүй хүмүүс болгосныг анзаарч мэдсэн. Аргагүй шүү дээ цэцэрлэгт цаашлаад дунд болон их дээд сургуульд дуу шүлгээс эхлүүлээд хэн нэгний номчирхуу үзэл бодлыг хүчээр тулган цээжлүүлж эсвэл “зөв сайхан бичихийн” арга барилд ардын багш нар минь өдөр шөнөгүй шамдуулж байснаас нэг удаа ч болов “Хүү минь, охин минь чи энэ тал дээр юу бодож байна“ гэж бидний санаа бодлыг асууж бүтээлч сэтгэлгээг минь хөгжүүлдэг байсан биш. Арай ч дээ Чи битгий социализмын үеийн юм яриад бай ! Монголчууд ардчилсан нийгэмд шилжээд хэдэн жил болж байна гэх хүн гарах л байх гэхдээ л байдал бахь байдгаараа нөгөө л хоцрогдсон сургалтын арга барилаар та бидний хүүхдүүдийг бөмбөгдсөөр, залхаасаар эсвэл бүр заримыг нь хуурамч ч хамаагүй дипломны араас хөөцөлдөгч болгосоор байгаа нь үнэн.

Ирээдүй хойч үеэ, эх орноо хөгжүүлэхэд хамгийн чухал нь хүний хөгжил, боловсролын шинэчлэлийн асуудал яах аргагүй бидний эн тэргүүний зорилт байх ёстой. Энэхүү монгол маягийн боловсролын системийг үндсээр нь өөрчлөхгүйгээр бид хол явахгүй нь ойлгомжтой. Үүнийг өөрчлөхөд бага ч болов хүмүүст санаа өгөх далайд дусал нэмрийн үлгэрээр та бүхний үнэт цагийг хороон байж өөрийн бодлын зах зухаас эмхтгэн сонордуулж байгааг минь болгооно биз ээ.

Б.Эрхэмбаяр Улаанбаатар 2007 он.

Уг өгүүлэл нь Өдрийн сонины 2007 оны 2-р сарын 22-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн болно

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

22 сэтгэгдэл