Эрэгтэй хүн ажилд авна

8:02 PM


Ийм шаардлагатай ажлын зарлалыг та бид байх ёстой л хэвийн зүйл мэтээр хүлээн авч бүр дасчээ. Угтаа бол энэ чинь эрэгтэй эмэгтэй хүн адил тэгш эрхтэй гэсэн Монгол улсынхаа Үндсэн хуулийг уландаа гишгэсэн явдал гэдгийг бид бүгд даан ч мэдсээр атал мэдээгүй царайлсаар яваа хэрэг биш үү. За тэгээд ганц энэ ч биш царайлаг нуруулаг охидуудыг ажилд авна бүүр давраад 35 хүртэлх насны гээд л алхам тутамдаа хүмүүсийг царай зүсээр нь, насаар нь ямар нэгэн зүйлээр ялгаварлан гадуурхсаар байна. Энэ бол яах аргагүй нэгд хууль дүрмээ үл хүндэтгэсний дээр хүмүүсийг ялгаварлан гадуурхахыг дэмжсээр байгаагийн илрэл бус уу?

Дэлхий нийтийн даяарчлал гэж ярьж бичих болсон өнөө үед энэхүү даяарчлал, дэлхий нийтийн хөгжлийн нийтлэг чиг хандлага Монголын нийгмийн амьдралын чиг хандлагад огт хамаагүй хэрэг гэж үү. Хөгжилтэй хүний төлөө гэсэн нийгэмд бол иймэрхүү зарлал гаргасан ажил олгогч хүмүүсийг ялгаварлан гадуурхсан хэргээр шүүхэд дуудагдах нь лавтай. Эмэгтэй хирнээ хэр баргийн эрэгтэй хүнээс өндөр мэдлэг боловсролтой бүсгүйчүүд эмэгтэй болж төрсөн хувь заяатайгаа эвлэрээд гологдож явах уу? Эсвэл царайлаг биш ч харилцааны соёлтой үйлчлүүлж байгаа хүнээ хүндэтгэдэг охидуудыг чи царайлаг нуруулаг биш учир өөр ажил хайх нь зөв гэх үү. Хэлбэрийг агуулгаас илүүд үзэх сэтгэлгээ нийтлэг болохоор энд дан ганц ажил олгогчид буруу өгөх аргагүй юм. Нөгөө талаас үйлчлүүлэгчдийн дунд ийм гоё буудал, бар, ресторанд ямар царай муутай охидууд үйлчилдэг юм бэ гэх хүн захаас аваад гарна.

Байгалийн хуулийн дагуу хүн ямар ч дүр төрхтэй төрж болно гэдгийг бид мэдсээр атлаа үгүйсгэсээр суух уу.

Бидний монголчууд аливаа юмны хэлбэр гаднах дүр төрхийг дотоод мөн чанар агуулгаас нь чухалчилдаг хүүхдийн ч гэмээр гэнэн сэтгэлгээнээсээ хэзээ салах юм бол. Үнэтэй машин унасан ганган дэгжин хүмүүсийг баян гэх, мэдлэг чадваргүй мөртлөө мэддэг царайлан дүр эсгэгч, хий цэцэрхэгчийг чадвартай гэх нийтлэг сэтгэлгээ биднийг дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэхэд саад тээг болсоор байна.

Уг нь бид “ Хүнийг хувцсаар нь угтаад ухаанаар нь үддэг” гэсэн ардын зүйр цэцэн үгээр үр хүүхдүүдээ хүмүүжүүлж ирсэн ухаант ард түмний үр сад атлаа энэхүү мэргэн үгний 2 дахь утгыг “Зах зээлийн” гэх тодотголтой нийгмийн шилжилтийн үед бүүр бүдгэрүүлж орхижээ.

Өнөөдөр Монголд, чи эмэгтэй царай муутай, хөгшин гэхийн оронд тэр хүний бусад давуу тал руу өнгийх гээд үздэг ажил олгогч хэр олон байдаг бол. Ер нь хүнийг гадаад байдлаар нь үнэлдэг арга аль хэдийн нийгмийн хөгжлийн зүй ёсны хөгжлийн дагуу үеэ өнгөрөөж байгааг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа билээ. Тэр ч бүү хэл загварын ертөнц, урлагийн ертөнцөд хүртэл гоё сайхан хүмүүс рүү биш эгэл жирийн хүмүүс рүү анхаарлаа хандуулсан бүтээл илүү алдаршиж байна. Загварын ертөнцөд тэргүүлэгч шилдгүүд хүртэл өөрийн нүүр царайгаа өндөр гуалиг царайлаг бүсгүйчүүдээр биш эгэл жирийн хүмүүсээр илэрхийлэхийг илүүд үздэг болж тэр нь нийгэмд илүү нааштайгаар “шингэж” байна. Хүүхдийн тоглоомын компаниуд заавал цэнхэрхэн нүдтэй алтан шаргал үстэй туяхан барби хүүхэлдэй үйлдвэрлэх биш жирийн хүүхдийн төрхтэй хүүхэлдэйнүүдийг олноор үйлдвэрлэдэг болж байгаа нь түүгээр тоглодог мянга мянган эгэл жирийн бяцхан охидуудыг үлгэрт л байдаг гүнжийн төрхтэй хүүхэлдэйгээ өөртэйгээ харьцуулж сэтгэлээр унагахгүй гэсэн хүмүүнлэг сэтгэлгээ юм.

Яагаад барууны бүсгүйчүүд /жүжигчид, дуучид урлагийн одууд биш шүү/ нүүр амаа будаж шунхдах ч үгүй эршүүд хээгүй энгийн хувцаслаж, эрчүүдтэй эн зэрэгцэх эрдэм боловсролтой болохыг илүүд үздэг вэ гэдэг нь энэхүү хүйсийн ялгаварлалыг өөгшүүлдэггүй, хүнийг царай зүсээр нь ялгаварладаггүйтэй шууд холбоотой юм. Гэтэл бидний монгол бүсгүйчүүд амралтын өдрөөрөө ч гадас шиг өсгийтэй гутал дээр дэнжигнэж ялангуяа залуу охидууд нүүр царай гадаад байдалдаа хэтэрхий их анхаарч залуу нас цаг заваа хий дэмий хоосон зүйлд үрж байна. Би энд эмэгтэй хүнийг хувийн соёлтой өөртэй анхааралтай байхыг нь үгүйсгэж байгаа юм биш шүү. Эрүүл саруул амьдралын хэв маягаар амьдарч, эрүүл хоол хүнс хэрэглэж спортоор хичээллэхийн ашиг тусыг уншиж судалж амьдралдаа хэвшүүлэхийн оронд хэтэрхий гандах өнгөц өнгөн талдаа анхаарч гаднаа гяланцаг дотроо паланцгийн үлгэр бүү болоосой л гэх гэсэн юм. Охидыг олон манган эмэгтэйчүүдийг өөртөө итгэлгүй амьдралын зорилгогүй болгож байгаа хүйсийн ялгаварлал, нийгмийн ялгаварлал монголд удахгүй үеэ өнгөрөөх болтугай гэсэн өөдрөг ерөөлөөр энэхүү бяцхан нийтлэлээ төгсгөе.


Б.Эрхэмбаяр 

Улаанбаатар хот. 2006 он

Уг өгүүлэл нь Өдрийн сонины 2006 оны 12-р сарын 19-ний өдрийн дугаарт нийтлэгдсэн болно

Та бас дараахь нийтлэлүүд сонирхоорой:

5 сэтгэгдэл